ХӨӨСӨНЦӨР ХАВТАНГИЙН ТУХАЙ НИЙТЛЭГ 8 АСУУЛТ ХАРИУЛТ

  1. Хөөсөнцөр хавтан хөнгөн учраас хөөсөөр дулаалсан байшин, барилга хэврэг болдог гэж үнэн үү?
  • Зарим хүмүүс хөөсөнцөр л юм чинь хэврэг, хөөсөөр хийсэн байшин хагарч цуурах нь аргагүй гэлцдэг. Гэвч байшин барилга хагарч цуурах нь хөөсөнцөр хавтангаар дулаалснаас бус газрын төлөв байдал, барилгын хийцэллээс хамааран сууринд суулт өгснөөс үүдэлтэй байдаг. Мөн гадна фасад хагарч цуурсан байвал энэ нь ханын төгсгөлийн өнгөлгөөг стандартын дагуу хийгээгүй, тороо ам даруулж наагаагүй, цавуулаг муутай шавар хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Харин хөөсөнцөр хавтангаар дулаалах нь цууралт, хагаралт өгөхөөс ангид ойлголт бөгөөд харин ч эсрэгээрээ хамгийн хөнгөн дулаалга учир барилгын даацад хүндрэл үүсэгдэггүй учир барилгын насжилтыг уртасгахад өндөр ач холбогдолтой байдаг байна.
  1. Хөөсөнцөр хавтангийн нягт өндөр байх тусам сайн байдаг уу?
  • Энэ нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт юм. Хөөсөнцөр хавтангийн чанарыг тодорхойлох олон үзүүлэлт байдаг бөгөөд үүнээс нэг үзүүлэлт нь л нягт буюу жингийн үзүүлэлт юм. Хөөсөнцөр хавтангийн дулааны үзүүлэлт тодорхой хэмжээний нягтын үзүүлэлт хүртэл өсдөг бөгөөд нягт хэт өндөрсөх тусам дулаан дамжуулалтын үзүүлэлт буцаад буурдаг. Өөрөөр хэлбэл хөөсөнцөр хавтан нь төрлөөсөө хамаараад дулаан дамжуулалтын үзүүлэлт буюу дулаан тусгаарлах чадвар нь 0,032-0,036Вт/м°C хүрээд буцаад буурдаг байна. Уг үзүүлэлтэд харгалзах нягт нь 35кг/м.куб хүртэл байдаг. Мөн хөөсөнцөр хавтанг сонгохдоо хана, шал, дээврийн алинд хэрэглэх гэж байгаагаасаа хамаараад гузайлтын бат бэх, хэв гажилтын үзүүлэлтийг харж сонгох нь зүйтэй.
  1. Хананд ямар хөөсөнцөр хавтан ашиглавал илүү тохиромжтой вэ?
  • Хүмүүс хөөсөнцөр хавтан авахдаа ихэвчлэн хананы хөөс авъя гэж асуудаг. Дулаалгын хөөсөнцөр хавтангийн хувьд тусгайлан хананы хөөсөнцөр хавтан гэж байдаггүй ч тухайн улсын цаг уур, барилгын хийцэллээс хамаараад тохиромжтой нягттай хөөсөнцөр хавтан гэж бий. Манай орны хувьд гадна хананд дийлэнхдээ 20-25кг/м.куб хүртэлх нягттай хөөсөнцөр хавтан ашигладаг бөгөөд хананд тухайн барилгын хийцлэл буюу ямар материалаар барьсан, хэдэн см зузаан ханатай зэргээс хамааран хөөсөнцөр хавтангийн зузааныг тодорхойлдог. Иймд та хөөсөнцөр хавтангаар дулаалга хийх гэж байгаа бол барилгын үндсэн ханын материалын дулаан тусгаарлах чадвартаа тохируулан сонгох хэрэгтэй.
  1. Галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан гэж ямар хөөсийг хэлдэг вэ?
  • Энэ бол хүмүүсийн хамгийн их эргэлзэж асуудаг асуултын нэг. Хүмүүс ихэвчлэн галд тэсвэртэй гэдэг ойлголтыг галд шатдаггүй гэсэн ойлголттой андуурах нь бий. Гэвч энэ нь тухайн хөөсөнцөр хавтанг галаар төөнөхөд тухайн гал өгсөн хэсэг нь хайлж цааш авалзан асдаггүй гэсэн үг юм. Харин сүүлийн үеийн дэвшилтэд технологийн үр дүнд галд шатдаггүй буюу шатамхай бус хөөсөнцөр хавтан хэдийнээ дэлхий дахинд хэрэглэж эхлээд байгаа бөгөөд Пирамид Индастри ХХК нь эх орондоо тус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг амжилттай нэвтрүүлсэн билээ.
  1. Мэрэгч амьтан буюу хулгана үүрлэдэг үү?
  • Орон нутгийн хэрэглэгчид дулаалга хийсэн байшингийн сууринд мэрэгч амьтад үүрлэсэн байдаг энэ нь хөөс идээд үүрлэж байна гэсэн үг үү гэж их асуудаг. Энэ нь мэрэгч амьтад хэзээд дулаан газрыг хайж үүрээ засдагтай холбоотой. Гэхдээ мэрэгч амьтад үүрлэж байна гэдэг нь тухайн байшингийн дулаалгын битүүмжтэй холбоотой юм. Гүйцэтгэгчид ихэнхдээ суурийн хэсэгтээ цокл хийлгүйгээр шууд дулаалдаг. Үүнээс үүдэн тухайн битүүмжлэгдээгүй хэсгээр мэрэгч үүрлэх үндэс болдог байна.
  1. Хөөсөнцөр хавтан том байх тусам хийхэд хялбар байдаг гэж үнэн үү?
  • Энэ нь та хөөсөнцөр хавтангаар байшингийнхаа аль хэсгийг дулаалж байгаа вэ гэдгээс ихээхэн хамаардаг. Хэрэв та ханандаа дулаалга хийх гэж байгаа бол том хэмжээтэй сонгох нь тийм ч зөв сонголт биш юм. Учир нь хөөсөнцөр хавтан хэт том байх нь өндрийн нөхцөлд гүйцэтгэл хийхэд унаж бэртэх аюултайгаас гадна нэг хүн өргөж, угсрахад хүндрэлтэй байдаг. Мөн барилгын тэгш бус байдлаас үүдэн хэт том хөөсөнцөр хавтангаар ханаа дулаалах нь ханыг илүү өөтэй болгодог талтай. Харин та дээвэр, шалны хэсэгт дэвсгэр хэлбэрээр дулаалга хийх гэж байгаа бол хөөсөнцөр хавтан том байх нь ажиллагааг илүү хөнгөвчилдөг сайн талтай юм.
  1. Хөөсөнцөр хавтан, шилэн хөвөнгийн аль нь илүү вэ?
  • Хүмүүс ихэнхдээ дулаалгын материалаа сонгохдоо ам дамжсан ярианд үндэслэн сонгох нь бий. Шилэн хөвөн, чулуун хөвөн хамгийн сайн гэсэн үүгээр дулаалья, хөөсөнцөр хавтан илүү хямд үүнийг л сонгоё гэж шийдвэрээ гаргаж байгаа харагддаг. Гэвч ямар ч бүтээгдэхүүн давуу болон сул талтай мөн ашиглахад тохиромжтой болон тохиромжгүй гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл та шилэн хөвөн болон чулуун хөвөнг модон барилга эсвэл дулааны шугам хоолой зэргийг дулаалах гэж байгаа бол энэ нь маш зөв шийдэл. Харин та байшин барилгынхаа үндсэн хана, ашиглалттай дээвэр болон шал зэрэгт дулаалга хийх гэж байгаа эсвэл гадна фасадаа шавардлага хийх бол хөөсөнцөр хавтанг ашиглах нь илүү тохиромжтой юм. Иймд дулаалганы материалын аль нь илүү сайн бэ гэхээс илүү ямар зүйлийг дулаалах зорилготой вэ гэдгээ нэн түрүүнд тавих хэрэгтэй. Энэ нь таны хэрэгцээ шаардлагыг хангах дулаалгыг олоход тань тус дөхөм болох болно. Мөн үнэ болон бусад мэдээллүүдийг нь нарийвчлан судалж сонгохыг танд зөвлөе.
  1. Хөөсөнцөр хавтан нь хүний биед болон байгальд хортой юу?
  • Сүүлийн үед хамгийн ихээр яригдах болсон Ногоон барилгын гол зорилт нь эрчим хүчийг хэмнэх явдал юм. Харин эрчим хүчийг хэмнэх үндсэн шийдэл нь зөв дулаалга, цэвэр бохир усны зохистой шийдэл, байгалийн эрчим хүчний эх үүсвэр зэрэгт суурилдаг бөгөөд уг тулгуур ойлголтын гол бүтээгдэхүүн нь хөөсөнцөр хавтан юм. Учир нь хөөсөнцөр хавтан нь хэрэглэх болон ашиглалтын явцад хүний биед сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүйгээс гадна хамгийн гол нь дуу, дулаан тусгаарлах чадварын хувьд маш өндөр, хөнгөн чанарын бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Мөн хөөсөнцөр хавтангаар зөвхөн байшин барилга дулаалахаас гадна зам талбайн хучилтын доор газар хөлдөлтөөс үүдэлтэйгээр үүсэх сөрөг нөлөөг бууруулах, тариалангийн талбайд хөрсөн доороос жин цохихоос сэргийлэх зорилгоор ашигладаг зэрэг нь уг бүтээгдэхүүний ЭКО тэмдгийн бас нэгэн баталгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.